Үйлчилгээний нөхцөл

Нэг. Ерөнхий нөхцөл

1.1 Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь “Хатан Суудал Инвест ББСБ” ХХК (цаашид “Компани” эсхүл “Бид” гэх)-ийн Zeely.mn сайт болон Zeely гар утасны аппликейшн (цаашид “Zeely” гэх)-г ашиглан хэрэглэгчид цахимаар зээл олгох үйлчилгээ үзүүлэх журам, нөхцөлийг тодорхойлно.

1.2 Та (“Хэрэглэгч” эсхүл “Та” гэх) Zeely-д бүртгүүлж, үйлчилгээ авах хугацаанд Үйлчилгээний нөхцөлийг заавал дагаж мөрдөх үүрэг хүлээх тул бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч буй эсэх илэрхийллээ баталгаажуулна уу.

1.3 Та Үйлчилгээний нөхцөлийг “Зөвшөөрч байна” хэсгийг идэвхжүүлж, танилт нэвтрэлтийн ДАН системээр дамжуулан өөрийгөө баталгаажуулан Zeely-д нэвтэрсэн тохиолдолд энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Харин Та “Зөвшөөрч байна” хэсгийг идэвхжүүлээгүй бол Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан гэж үзэж, Zeely-ийн бүртгэл баталгаажихгүй бөгөөд Zeely-г зориулалтын дагуу ашиглах боломжгүй болохыг мэдэгдэж байна.

1.4 Үйлчилгээний нөхцөлөөр зохицуулаагүй бусад харилцааг Хэрэглэгчтэй байгуулсан Зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээ (хамтад нь “Гэрээ” гэх)-ээр зохицуулна.

1.5 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой харилцааг Zeely “Нууцлалын бодлого”-оор зохицуулах бөгөөд Нууцлалын бодлого нь Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг байна.

1.6 Бид Zeely-ийн тасралтгүй, найдвартай байдлыг хангах зорилгын хүрээнд хөгжүүлэлтийг тогтмол хийж гүйцэтгэнэ.

Хоёр. Хэрэглэгчийн бүртгэл

2.1 Хэрэглэгч нь Компанийн Үйлчилгээг авах хүсэлтэй 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байна.

2.2 Компани нь хэрэглэгчээс өгсөн мэдээлэл болон танилт нэвтрэлтийн ДАН системээр дамжуулан Хэрэглэгчийг таньж, баталгаажуулах ажиллагаа (KYC)-г хийж гүйцэтгэнэ.

Гурав. Үйлчилгээний нөхцөл, төлбөр

3.1 Хэрэглэгчээс цахимаар Гэрээг байгуулснаар Компани Таны зээлийн эрхийг PsyFint (скоринг)-д үндэслэн тооцоолно. Хэрэглэгч (скоринг)-д тэнцсэн тохиолдолд зээлийн эрх нээгдэж, “зээлийн хүсэлт илгээх” хэсэг идэвхэжнэ.

3.2 PsyFint (скоринг)-г Хэрэглэгчийн Зээлийн мэдээллийн сангийн болон Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд үндэслэн хийнэ.

3.3 Хэрэглэгч PsyFint (скоринг)-д зөвхөн өөрөө оролцож, бусдын тусламж авахгүй бөгөөд скорингийн явцад 1 удаа санамсаргүйгээр зураг авах ба эдгээр зургийг Хэрэглэгч (скоринг)-д зөвхөн өөрөө хариулсан эсэхийг батлахад ашиглана.

3.4 Компаниас санал болгож буй Гэрээний нөхцөлтэй бүрэн танилцаж, “зөвшөөрч байна” хэсгийг идэвхжүүлснээр Компанид зээлийн хүсэлт илгээгдэнэ. Компаниас зээлийн хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Компани болон Харилцагчийн хооронд цахимаар Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

3.5 Zeely-д тооцоолсон зээлийн эрхийн хүрээнд Хэрэглэгч нь зээлийн хүсэлт гаргах боломжтой бөгөөд тухай бүр авсан зээлийн гэрээг Таны Zeely-д бүртгүүлсэн и-мэйл хаягт илгээнэ. Иймд та и-мэйл хаягийн мэдээллийг үнэн зөв оруулна уу.

3.6 Компани Таны илгээсэн хүсэлтийн дагуу зээл олгох эсэхийг аппликейшнаар шийдвэрлэнэ. Хэрэв хууль тогтоомж, Компанийн зээлийн үйл ажиллагааны журамд заасан зээл олгохоос татгалзах нөхцөл үүссэн тохиолдолд татгалзсан үндэслэлийг Хэрэглэгчид мэдэгдэнэ.

3.7 Зээл олгохоос татгалзсан тохиолдолд Та тодорхой хугацааны дараа дахин Zeely-д хандан зээлийн хүсэлт илгээх боломжтой.

3.8 Хэрэглэгч зээлийн төлбөрийн үлдэгдэлгүй тохиолдолд өөрийн байгуулсан Гэрээг хугацаанаас нь өмнө Zeely-ээр цуцлах, зээлийн өрийн үлдэгдэлгүй тухай тодорхойлолтыг Zeely-ээр авах, Zeely-н бүртгэл, Гэрээний үйлчлэлийг дахин сэргээх боломжтой байна. Гэрээний үйлчлэлийг сэргээсэн тохиолдолд гэрээний хугацаа анхны Гэрээний хугацаагаар тодорхойлогдоно.

3.9 Компани Хэрэглэгчийг таньж, баталгаажуулах, мэдээлэл шинэчлэх ажиллагааг тодорхой хугацааны давтамжтайгаар хийнэ.

3.10 Үйлчилгээ үзүүлсний төлөө Компани Үйлчилгээний хураамжийг тогтоож, Хэрэглэгчээр төлүүлнэ. Үйлчилгээний хураамжийг тогтоосон хэмжээгээр Хэрэглэгчээр урьдчилан, хэрэв Хэрэглэгч урьдчилан төлөөгүй бол зээл олгогдсоны дараа данснаас суутган төлүүлнэ. Компани үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах эрхийг дангаар эдэлнэ.

Дөрөв. Талуудын эрх, үүрэг

4.1 Компани Үйлчилгээний нөхцөлийн бусад хэсэгт зааснаас гадна Үйлчилгээ үзүүлэхдээ дараах эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Үүнд:

4.1.1 Гэрээ, Нууцлалын бодлого, Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй;

4.1.2 Хэрэглэгчийн мэдээллийг нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан татаж авах, харах, ашиглах эрхтэй;

4.1.3 Хэрэглэгчийн мэдээлэлд тулгуурлан зээлийн хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, зээл олгох эсэх шийдвэрийг гаргах эрхтэй;

4.1.4 Хэрэглэгч зориудаар хуурамч, дутуу мэдээлэл оруулсан, харилцагчийн танин баталгаажуулалт хийхээс татгалзсан, Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд зээл олгох, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй;

4.1.5 Хэрэглэгч PsyFint скорингийг өөрөө өгч буй эсэхийг шалгах зорилгоор скорингийн явцад санамсаргүй байдлаар нэг удаа зураг авах эрхтэй;

4.1.6 Хэрэглэгчийн мэдээллийг хууль, Нууцлалын бодлогод зааснаас өөр зорилгоор ашиглахгүй байх үүрэгтэй;

4.1.7 Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, Zeely-г хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх тулд Хэрэглэгчийн Zeely-д хандах хандалт, аливаа үйлдлийн түүхийг лог болгон хадгалж, хуулийн хүрээнд ашиглах үүрэгтэй;

4.1.8 Хэрэглэгчийг зээлийн хэмжээ, хүү, эргэн төлөх хугацааны талаарх мэдээллийг Zeely-д харах боломжоор хангах үүрэгтэй;

4.2 Хэрэглэгч Zeely-г ашиглахдаа дараах эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Үүнд:

4.2.1 Зээлийг хугацаанаас нь өмнө төлөх эрхтэй;

4.2.2 Зээлийн хэмжээ, эргэн төлөх хугацааг харах эрхтэй;

4.2.3 Өөрийн бүртгэлийн мэдээллийг өөрчлөх, бүртгэлтэй утасны дугаар, нууц үгийг солих эрхтэй;

4.2.4 Зээлийн төлбөрийн үлдэгдэлгүй тохиолдолд Гэрээг цуцлах, сэргээх, өр төлбөргүй тодорхойлолт авах эрхтэй;

4.2.5 Үйлчилгээний хураамжийг тогтоосон хэмжээ, хугацаанд төлөх үүрэгтэй;

4.2.6 Zeely-д өөрийн хувийн мэдээллийг үнэн зөв, бүрэн өгөх, бөглөх үүрэгтэй;

4.2.7 Хэрэглэгчийн Zeely дээрх үйлдэл бүрийн хууль зүйн үр дагаврыг Хэрэглэгч өөрөө хариуцна. Үйлчилгээний нөхцөл, Гэрээний нөхцөлийг зөрчсөнөөс үүсэх аливаа үр дагавар, хохирлыг бүрэн хариуцах үүрэгтэй;

Тав. Оюуны өмчийн эрхийн хамгаалалт, маргаан шийдвэрлэх журам

5.1 Zeely-ийн тохиргоо, үйлчилгээ, загвар, үндсэн бүтэц, программчлалд холбогдох материал, PsyFint (скоринг), барааны тэмдэг, зохиогчийн эрх нь Бидний оюуны өмч болно. Хэрэглэгч нь ижил төстэй, үл ялгагдах, нийтэд төөрөгдөл бий болгох ижил төрлийн үйлчилгээг олон нийтэд санал болгож болохгүй бөгөөд оюуны өмчийг хүндлэн дээдэлнэ.

5.2 Компанийн оюуны өмчид хамаарах заалтыг Хэрэглэгч зөрчсөн тохиолдолд түүний үр дагаварт учирсан хохирол, нөхөн төлбөрийг хариуцна.

5.3 Бид цахимаар ирүүлсэн Таны санал, гомдол, хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 (тав) хоногт багтаан хариуг Хэрэглэгчийн бүртгэлтэй цахим хаягаар хүргүүлнэ.

5.4 Хэрэглэгчтэй холбоотой маргааныг харилцан ойлгож, хэлэлцээрийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Ийнхүү үр дүн гараагүй нөхцөлд маргааныг Монгол Улсын хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

Зургаа. Нэмэлт өөрчлөлт

6.1 Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт орсон даруйд танилцаж, дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд тухайн нөхцөлтэй танилцах боломжоор хангаж, Компани өөрийн цахим хуудас, эсхүл Zeely-д нээлттэй байршуулах тул Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.

6.2 Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, түүний нэмэлт, өөрчлөлтийг мэдээгүй, танилцсан ч ойлгоогүйн улмаас үүсэх асуудлыг Бид хариуцахгүй. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асууж, тодруулах нээлттэй байх болно.

Нууцлалын бодлого

Нэг. Ерөнхий нөхцөл

1.1 “Хатан Суудал Инвест ББСБ” ХХК (цаашид “Мэдээлэл хариуцагч” эсхүл “Бид” гэх) нь цахим зээлийн үйлчилгээний Zeely.mn сайт болон Zeely гар утасны аппликэйшн (цаашид “Zeely” гэх)-д бүртгүүлсэн Хэрэглэгч буюу Таны хувийн мэдээллийг цахимаар олгосон зөвшөөрлийн үндсэн дээр цуглуулж, боловсруулж, ашиглахтай холбоотой харилцааг энэхүү Нууцлалын бодлогоор зохицуулна. Нууцлалын бодлогоор тухайлан зохицуулаагүй харилцаанд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг дагаж мөрдөнө

1.2 Та Zeely-д бүртгүүлэхээс өмнө энэхүү Нууцлалын бодлоготой бүрэн танилцах үүрэгтэй. Тус нөхцөлийн дагуу өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг Бидэнд олгох эсэхийг хараат бусаар, бие даан шийдвэрлэнэ үү.

1.3 Нууцлалын бодлогод заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч буй тохиолдолд “Зөвшөөрч байна.” гэсэн хэсгийг дарж, идэвхжүүлэх бөгөөд энэхүү үйлдлийг гүйцэтгэснээр өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосон гэж үзнэ.

Хоёр. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго

2.1 Таны хувийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:

2.1.1 Онлайнаар зээл авах хүсэлтийг баталгаажуулах, тооцоолол хийх, аппликейшнаар үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх, үйлчилгээ үзүүлэх;

2.1.2 Хэрэглэгчийг таньж баталгаажуулах (KYC);

2.1.3 Хэрэглэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хэрэгжилтийг хангах, мэдээлэл хүргэх;

2.1.4 Аппликейшны систем хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх, финтек зээлийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэлт хийх;

2.1.5 Мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, тестийн тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, судалгаа хийх, үнэн зөвийг шалгаж баталгаажуулах, хэрэглэгчийн санхүүгийн чадавхыг тогтоох;

2.1.6 PsyFint скоринг тооцоолоход ашиглах, энэхүү зорилгоор программ хөгжүүлэгч, PsyFint төслийн хөгжүүлэгчдэд мэдээллийг шилжүүлж, ашиглуулна.

Гурав. Цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт

3.1 Мэдээлэл хариуцагч нь хэрэглэгчийг таньж мэдэх болон Үйлчилгээ үзүүлэх зорилгоор Таны дараах мэдээллийг цуглуулж, боловсруулна.

3.1.1 Хэрэглэгчийн гар утасны дугаар, регистрийн дугаар;

3.1.2 Иргэний үнэмлэхийн мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл, өрхийн гишүүдийн мэдээлэл;

3.1.3 Хэрэглэгчийн Zeely-д оруулж буй овог, эцгийн нэр, нэр, иргэний бүртгэлийн дугаар, регистрийн дугаар, утасны дугаар, и-мэйл хаяг, банкны дансны дугаар, гэрийн хаяг, ажлын газар, үйл ажиллагааны чиглэл, албан тушаал, гэрлэлтийн байдал, мэргэжил, боловсрол;

3.1.4 Фейсбүүк холболт, хаягийн мэдээлэл;

3.1.5 Хэрэглэгчийн Zeely-ээр авсан онлайн зээл, түүний эргэн төлөлтийн мэдээлэл;

3.1.6 PsyFint (скоринг)-ны асуултад хариулж хариулж байх үед хэрэглэгч өөрөө хариулж буйг баталгаажуулах зорилгоор 1 удаа авсан зураг;

3.2 Нууцлалын бодлогын 3.1.2, 3.1.4-д заасан мэдээллийг нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан татан авч, цуглуулж, боловсруулж ашиглана.

Дөрөв. Мэдээллийг дамжуулах нөхцөл, мэдээллийг нийтэд ил болгох эсэх

4.1 Мэдээлэл хариуцагч нь Таны хувийн мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараах тохиолдолд бусад этгээдэд дамжуулна. Үүнд:

4.1.1 Монгол Улсын шүүхийн шүүгчийн захирамж гарсан;

4.1.2 Прокурорын тогтоол гарсан;

4.1.3 Хууль сахиулах байгууллагын шаардлагаар мөрдөгчийн саналыг прокурор зөвшөөрсөн албан тоотыг үндэслэн;

4.1.4 Маргааныг шийдвэрлүүлэх хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан хүсэлт гаргасан;

4.1.5 Хуульд заасан бусад тохиолдол

4.2 Мэдээлэл хариуцагч Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээд ашиг олох зорилгоор дамжуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.

4.3 Хэрэглэгчийн хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах хүрээнд Мэдээлэл хариуцагч нь мэдээллийг нийтэд ил болгох арга хэмжээг авахгүй болно.

Тав. Мэдээллийг хадгалах, удирдах, зөвшөөрөл цуцлах

5.1 Мэдээлэл хариуцагч нь хэрэглэгчийн Zeely-д оруулсан мэдээллийг өөрийн үүлэн технологид хадгална. Хэрэглэгч нь Zeely-д нэвтрэх өөрийн нэр, нууц үг, утасны дугаарыг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

5.2 Zeely-д нэвтрэх нууц үгийг зөвхөн хэрэглэгч мэдэх бөгөөд хэрэглэгчийн оруулсан нууц үгийг шифрлэн кодчилж хадгална.

5.3 Нэвтрэх эрхээ бусдад алдсан, утасны дугаарыг өөрчилсөнтэй холбоотой мэдээллийн шинэчлэл хийгдээгүйгээс үүдэлтэй хэрэглэгчид учирсан аливаа хохирлыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй.

5.4 Хэрэглэгчийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах хүрээнд мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг алдагдуулахгүйгээр хадгалж, хамгаална.

5.5 Хэрэглэгч нь хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг цуцалснаас хойш түүний мэдээллийг боловсруулахгүй, ашиглахгүй, цаашид дахин цуглуулахгүй.

Зургаа. Холбоо барих, нэмэлт өөрчлөлт

6.1 Та энэхүү Нууцлалын бодлогод заасан нөхцөл, хэрэгжилттэй холбоотой хүсэлт, санал, гомдлоо zeely.support@hatinvest.mn цахимаар илгээж шийдвэрлүүлэх эрхтэй.

6.2 Мэдээлэл хариуцагч нь Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй ба Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр http://www.zeely.mn/ платформ, эсхүл Zeely апп-д нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь уншиж танилцах үүрэг хүлээнэ.

6.3 Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх болон гэрээ хийгдэх үед хүчинтэй байсан Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд өөрчлөгдсөн Нууцлалын бодлогыг хүчинтэйд тооцно.