Та маш их хэмжээний мөнгөтэй болвол хамгийн түрүүнд юу мэдрэх вэ? Та баярлах уу? Та айх уу? Та санаа зовох уу? Та эсвэл .......

Мөнгө болон түүнтэй холбоотой асуудлыг үүсгэж байгаа зүйл нь мөнгө өөрөө байдаггүй ажээ. Харин мөнгөний талаарх хүмүүсийн бодол, түүний талаар үүсч буй сэтгэл хөдлөл хамгийн чухал юм.

Хэрэв хэн нэгэн байгаа мөнгөө хэзээ ч хангалттай гэж үздэггүй үргэлж мөнгөө их байлгахыг хүсдэг бол хэзээ ч тайван, хангалуун байж чаддагүй.

Эсвэл мөнгөтэй байхыг маш буруу, ёс зүйгүй зүйл багахан мөнгөөр ч гэсэн хүн амьдарч чаддаг байх ёстой гэдэг бодол, хандлагатай бол их мөнгөтэй хүмүүсийг үзэн ядах нь ч бий.

Харамсалтай нь мөнгөний талаар сөрөг сэтгэл хөдлөлтэй байх нь эргээд хувь хүний санхүүд асуудал дагуулдаг. Тиймээс ч эрдэмтэд мөнгийг удирдаж чадах, зохицуулах чадвар, боловсролыг хүүхэд байхаас нь бий болгохыг зөвлөдөг. Мөнгийг удирдах чадвар гэдэг нь их орлоготой, мөнгөтэй болох асуудал биш бөгөөд харин мөнгөнд захирагдахгүйгээр түүнийг хянах юм. Энэ нь тогтмол орлоготой байх, орлогод тохирсон төсөв бий болгох, шаардлагатай тохиолдолд хэрэглэх хадгаламжтай байх зэрэг энгийн дадлуудаас эхлэнэ.

Мөн үнэн хэрэгтээ мөнгөнд хандах хандлага тань та өөртөө, өөрийнхөө амьдралд хандах хандлагаас үүдэлтэй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Хэрэв та өөртөө итгэдэг, амьдралаа удирдан зохицууулах чадвартай гэдэгтээ итгэдэг бол танд мөнгөтэй холбоотой сөрөг сэтгэл, хандлага үүсэхгүй юм.