CNBC-ийн санхүүгийн нийтлэлч Мэган Леонхарт хувийн санхүүгээ удирдах энгийн аргын талаар юу гэж хуваалцсан талаар сонирхуулъя. Тэрээр хувийн санхүүгээ удирдах үйл явцыг

  1. Зарцуулалтаа хянах

  2. Хуримтлалтай болох

  3. Ирээдүйдээ хөрөнгө оруулах гэж ангилсан билээ.

Тэгвэл хэдий хэмжээний хуримтлалтай болсон үед хөрөнгө оруулалт хийж эхлэх хэрэгтэй юм болоо?

Түдэе монголд койны талаар сонсоогүй хүн үлдээгүй биз. Хэрэв та эдгээр хэрэгсэл рүү хөрөнгө оруулалт хийхээр зэхэж буй бол дараах 3 асуултыг өөрөөсөө асуугаарай.

  1. Танд гэнэтийн шаардлагатай үед хэрэглэх мөнгө байгаа юу?

Хамаг мөнгөөрөө хувьцаа, койн авах гэж байвал түр азнаад эрсдэлээ тооцоолж ядаж 3-12 сар хэрэглэх мөнгөө үлдээгээрэй. Их хэмжээний мөнгө оруулснаар өндөр өгөөж хүртэж болох ч нөгөө талаар том алдагдал хүлээж болох юм шүү.

  1. Хөрөнгө оруулалт хийсэн мөнгөө 2 жил болон түүнээс дээш хугацаагаар ашиглахгүй байж чадах уу?

Өнөөдөр хөрөнгө оруулалт хийгээд маргааш нөгөөдрийн дотор мөнгөө нугална гэж бодож байвал та тун буруу бодож байна. Таны хөрөнгө оруулалт дор хаяж 2 жилийн уналт босолтын дараа өгөөжөө өгч мэднэ.

  1. Уналт, өсөлтийг даван гарч чадах уу?

Санхүүгийн зах зээл хувь хүний тэсвэр тэвчээр, сахилга батыг шаарддаг тул гадаад дотоод хүчин зүйлсээс шалтгаалсан ханшийн савлагааг даван гарах шаардлагатай. Зах зээлийн төлөв байдал муухан байтал нэн яаралтай мөнгөний хэрэг гарч хөрөнгө оруулалтаа арилжихад та алдагдал хүлээх болно. Ийм нөхцөл байдалд орохгүйн тулд гэнэтийн үед хэрэглэх мөнгөө хадгаламждаа байршуулаарай.

Дээрх гурван асуултад “Тийм” гэж итгэл дүүрэн хариулсан бол одооноос хөрөнгө оруулалт хийж эхлээрэй. Харин “Үгүй” гэж тээнэгэлзсэн бол хамгийн эрсдэл бага хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох засгийн газар болон компанийн бонд, хадгаламжид байршуулахыг зөвлөе. Эрсдэл өндөр хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг сайтар тунгаан бодож, зах зээлээ судалж, за тэгээд хөрөнгө оруулалт хийхээ шийдсэн бол үргэлж ашигтай байхгүйг санаж биеэ бэлдэх шаардлагатай байх нь ээ.